Судалгаа

Цөлжилтийн үйл явцыг Г.Дрегне, Б.Г.Розанов, Б.В.Виноградов, И.С.Зонн, Н.С.Орловский, Н.Г.Харин, А.Г.Бабаев, А.Кейтс зэрэг олон эрдэмтэд судалж цөлжилтийн судалгааны онол, аргазүйн үндсийг боловсруулж ирсэн байдаг. Тухайлбал, Х.Е.Дрегне цөлжилтийг үнэлэх шалгуур боловсруулж ургамал нөмрөгийн өөрчлөлт, усны эрози, хөрсний давсжилт, ургамлын ургац гэсэн үндсэн багц үзүүлэлтээр цөлжилтийг сул, дунд зэрэг, хүчтэй, маш хүчтэй гэсэн 4 зэрэгт ангилах ангилалын системийг бий болгожээ. Харин Болгарын эрдэмтэн Т.Г.Бояджиев (1982) цөлжилтийг ургамлан нөмрөгийн алдрал, усны идэгдэл, салхины элэгдэл, хөрсний давсжилт, шим бодисын агуулга багасах, хөрс нягтарших, хөрсөнд ургамал, амьтанд хортой бодис хуралдах зэрэг 7 үзүүлэлтээр  үнэлэх аргачлал боловсруулж байсан байна. 1990 оны Монголын анхны цөлжилтийн зургийг Туркмен улсын Цөл судлалын хүрээлэн (хуучин нэрээр)-гийн цөлжилтийн үйл явцыг судлах, үнэлэх, зураглах аргазүйд түшиглэн боловсруулсан байна. Энэхүү аргазүйгээр цөлжилтийн үйл явцыг идэвхжүүлж буй хүний үйл ажиллагааны чиглэлийг гол үзүүлэлт болгон авсаны зэрэгцээ ургамлан бүрхэвчийн алдрал,  ус, салхины элэгдэл, эвдрэл, хөрсний давсжилт, байгальд үзүүлж буй хүн, малын нөлөө зэрэг үзүүлэлтүүдийг ашигласан байна. Харин Н.Сарантуяа 1995 онд цөлжилтийг ландшафт экологийн үүднээс үнэлэх аргазүйг боловсруулж Гурвантэс сумын хэмжээнд ургамлан нөмрөг, хөрс болон ландшафтын хүрээнд явагдах хими, физик, биологийн бүхий л үйл явцаар нь судлан үнэлэх ажлыг хийсэн байна. Хожим Д.Даш, Н.Мандах, А.Хауленбек зэрэг судлаачид цөлжилтийг ландшафт газарзүйн үүднээс нь үнэлэх оролдлогыг хийсэн байна.

Үүнээс гадна цөлжилтөнд хүргэгч хүчин зүйлс, тэдгээрийн орон зайн болон цаг хугацааны хувьсал өөрчлөлтийг судлах ажил энэ хугацаанд хийгдэж ирсэн юм.  Тухайлбал, цөлжилтийн уур амьсгалын хүчин зүйлийн үнэлгээг Р.Мижиддорж, Л.Нацагдорж, А.Намхай, С.Сангидансранжав, хиймэл дагуулын мэдээг ашиглан үнэлэх чиглэлээр Ц.Адьяасүрэн, М.Баясгалан, бэлчээр усжуулалт, усан хангамжтай холбож Л.Жанчивдорж, Г.Цэрэнжав, газрын доройтол, хөрсний элэгдэл эвдрлийн хүчин зүйлийн үнэлгээг Г.Пүрэвцэрэн, Д.Аваадорж, Я.Баасандорж, цөлжилтийг сааруулах, ойжуулах чиглэлээр Ч.Базарсад, Х.Жалбаа, А.Хауленбек, элсний нүүлт хөдөлгөөн, элсжилтийн динамик хандлагыг Р.Ломборинчен, П.Цолмон, Д.Энхтайван, Т.Баасан, нийгэм эдийн засгийн хүчин зүйлийг үнэлэхэд Д.Базаргүр, С.Шийрэв-Адьяа, Ц.Цэрэнбалжир нар судалгаа явуулж, тэдгээрийн бүтээлүүдэд тусгалаа олжээ.

Оюу Толгой

 

Манай орны хувьд цөлжилт нь байгалийн гамшигт үзэгдэл хэмээн тооцогдох бөгөөд зарим мэдээллээр Монгол орны бэлчээрийн 70 орчим хувь ямар нэг хэмжээгээр цөлжилтөнд өртсөнийг тэмдэглэжээ (БОЯ, 1998). Түүнчлэн газар нутгийн 41.3%-ийг эзлэх хуурай хээр, цөлийн бүсийн 56.6%-нь дунд ба хүчтэй, нэн хүчтэй цөлжилтөнд өртсөн  хэмээн дүгнэжээ (Адьяасүрэн Ц, 2007). Сүүлийн дөчөөд жилийн дотор бэлчээрийн ургац 20-30%-иар буурсан (Болорцэцэг Б., Ганцэцэг Б., 2002), бэлчээрийн доройтлоос үүдэлтэй мал сүргийн ган, зудад эмзэг байдал нэмэгдэж байгаа (Нацагдорж Л., Сарантуяа Г., 2003) зэрэг цөлжилт, түүний нөлөөллийг судлаж, судлаачид цөлжилт нь манай орны хувьд үндэсний аюулгүй байдал, тогтвортой түвшинд саад учруулах хэмжээнд хүрсэн хэмээн дүгнэжээ.

Монгол нутагт цөлжилтийн аюул өнгөрсөн зууны далаад оноос эхлэн идэвхжиж, 2000-аад оны үед оргилдоо хүрч байгаа бололтой хэмээн зарим эрдэмтэд дурьдсан байна (Нацагдорж Л., Дуламсүрэн Л., Цацрал Б., 2002; Нацагдорж Л., Цацрал Б., 2003; Нацагдорж Л., Гомболүүдэв П., 2005). Үүнийг агаарын температур, хур тунадас, ган-зуншлагын болон зудын индекс, бэлчээрийн ургац, цасан бүрхүүл, мөнх цэвдэг, хөрсний 0-50 см гүний чийгшлийн олон жилийн явц, түүнчлэн ургамлын зүйлийн бүрэлдэхүүний өөрчлөлтийн талаархи судалгааны дүнгүүд нотолж байгаа юм (Нацагдорж Л., 2005; Нацагдорж Л., Сарантуяа Г., 2003; Чогний О., 2001).

Уур амьсгалын өөрчлөлт хүний үйл ажиллагааны хам нөлөөгөөр Монгол орны бэлчээрийн экосистемд томоохон өөрчлөлт орж байгаа нь бэлчээрийн ургацын бууралт, ургамлын зүйлийн тооны бууралтаар тодорхой илэрч байна. Бэлчээрийн ургамлын нөмрөгийн өөрчлөлт байгалийн болон хүний үйл ажиллагааны олон хүчин зүйлээр тодорхойлогдох бөгөөд үүнээс малын нөлөөгөөр үүсч байгаа бэлчээрийн талхлагдал уур амьсгалын өөрчлөлт хоёрыг онцлон авч үзэх ёстой (Нацагдорж Л., 2005).

Бэлчээр тэжээл хүрэлцээгүй болох, бэлчээрийг доройтуулах өөр нэг хүчин зүйл бол усан хангамж юм. Усан хангамж хүрэлцээгүйгээс өргөн уудам бэлчээр ашиглагдахгүй байгаа бөгөөд ус дагасан малын бөөгнөрөл бий болсноос бэлчээрийн доройтол нүүрлэж, бэлчээрийн хомсдол үүсгэж байна. Өвөл-хаврын бэлчээрийн багтаамжийн үнэлгээг улсын хэмжээнд 2001 оноос хийж байгаа нь бэлчээрийн ургац гүйцэх үеийн ургацыг тодорхойлж, улмаар өвөлжөө, хаваржааны бэлчээрийн багтаамжийг багийн түвшинд үнэлэх боломжтой болж байгаа юм. Гэтэл энэ бол цөлжилтийг үнэлэх асуудлын зөвхөн нэг хүчин зүйл юм.

Таван толгой

 

Монгол улс зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд шилжсэн үеэс хойш байгалийн нөөцийн ашиглалт эрс нэмэгдэж энэ нь эргээд газар, бэлчээр доройтох, ой мод, ургамал бүрхэвч устаж үгүй болох, хөрс элэгдэл,  эвдрэлд өртөх зэрэг хүрээлэн буй байгаль орчны унаган төрх өөрчлөгдөж экосистемийн тэнцвэрт байдал алдагдан улмаар цөлжих үйл явц идэвжиж байна. Нөгөөтэйгүүр бэлчээр ашиглалтын уламжлалт арга барил алдагдаж бэлчээрийн талхлагдал байгалийн бүс, бүслүүр бүрт нэмэгдэх хандлагатай байгаа нь цаашлаад нутаг орон цөлжилтийн нөлөөнд автах эрсдэл нэмэгдэж байгааг харуулж байна. Мөн улс орон хөгжихийн хирээр дэд бүтэц, нийгмийн хэрэгцээ өсөн нэмэгдэх бөгөөд эдгээр нь шууд болон дам хэлбэрээр байгалийн нөөцөд нөлөөлж байдаг. Ийнхүү цөлжилтөнд хүргэх нийтлэг хүчин зүйлс байгалийн нөөц ашиглалтын хэм хэмжээ, тэр дундаа бэлчээр, ой мод, ус болон газар ашиглалт багтана. Үүнээс гадна цөлжилтөнд хүргэх өөр нэг бүлэг хүчин зүйл нь төвлөрөл бий болох явдал бөгөөд энэ нь төв суурин газрын орон зай нэмэгдэх, зах зээлийн хүртээмжит зай буурах, үйлдвэрлэл тэдгээр төвүүдэд татагдах зэрэг үйл явц багтана.

Монгол орны хэмжээнд цөлжилтөнд хүргэх нийгэм-эдийн засгийн хүчин зүйлсийн хэм улам бүр түргэцтэй нэмэгдэх болсон бөгөөд энэ нь гол төлөв мал аж ахуй, уул уурхай, төв суурин газрын хэмжээнд илүүтэй илэрч байна

Цөлжилтийн үйл явц нь байгаль, нийгмийн хавсарсан үйлчлэл хүрээнд явагдах бөгөөд уур амьсгалаас үүдэлтэй байгалийн экосистемийн доройтлыг бууруулах боломж хүн төрөлхтөнд бараг үгүй юм. Харин хүний үйл ажиллагааны сөрөг үр дагаварыг бууруулах, байгалийн нөөц ашиглалтыг зүй зохистой тогтолцоонд шилжүүлэн шинэчлэх нь цөлжилттэй тэмцэх бодит боломж юм. Ийнхүү нийгэм-эдийн засгийн хүчин зүйлийг бүрэн дүүрэн ойлгож, тэдгээрийн орчинд үзүүлэх нөлөөллийг танин мэдэх нь цөлжилт хэмээх экологийн бүлэг асуудлыг шийдвэрлэх, арга хэмжээг зохистойгоор боловсруулах, төлөвлөхөд голлох үүрэгтэй болно.                                                                                         

ШУА-ийн Геоэкологийн хүрээлэн нь 1997 оноос  цөлжилтийн  чиглэлээр  судалгаа  явуулах, төсөл хэрэгжүүлэх үндсэн үүрэгтэй ”Цөлжилтийн судалгааны төв”-ийг байгуулан ажиллуулж ирлээ. Тус төвийн ажилтнууд энэ хугацаанд НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрөөс санхүүжүүлсэн “Замын-Үүдийн цөлжилттэй тэмцэх, газрын менежментийг боловсронгуй болгох” төслийг амжилттай хэрэгжүүлсэн байна.  Төслийг хэрэгжүүлснээр  Замын-Үүд  сумын төвийн  цөлжсөн учир шалтгааныг судлан тогтоож,  цаашид газар, ус, бэлчээрийн менежментийн чиглэлээр  авах  арга  хэмжээг тодорхойлон  холбогдох зөвлөмж боловсруулж, сумын захиргаанд шилжүүлжээ. Мөн элсний нүүлтээс хамгаалах ногоон бүсийн зураг төсөл боловсруулж улмаар 26000 мод бут  тарьж ургуулсан байна. Нутгийн оршин суугчдад цөлжилттэй тэмцэх арга ухаан болон мод тарьж ургуулах талаар хэд хэдэн удаагийн сургалт зохион байгуулав. Дээрх төслийн судалгаа нь хэдийгээр богино хугацаанд хэрэгжсэн ч тухайн бүс нутагт цөлжилттэй тэмцэх ажлын эхлэлийг тавьж өгснөөрөө ихээхэн ач холбогдолтой болсон юм.

Мөн 2001-2003 онуудад тус төвийн ажилтнууд “Говь, хээрийн бүсийн цөлжилтийг сааруулах шинжлэх ухаан, технологийн үндэслэл” төслийн хүрээнд Сүхбаатар аймгийн цөлжилтийн эрчмийг тогтоож, Онгон, Молцог элсийг ургамалжуулах, доройтсон баянбүрд, булаг шандыг сэргээх чиглэлээр үндэслэл боловсруулан захиалагч байгууллагад шилжүүлээд байна.

Хуурай гандуу бүс нутгийн улс орнууд цөлжилтийг бууруулахад дараах үндсэн аргуудыг туршилт-судалгаанд хэрэглэж иржээ. Үүнд:

  • Биологийн арга
  • Механикийн арга
  • Механик-биологийн арга

Биологийн арга-д тухайн нутгийн унаган ургамлыг тарималжуулах замаар цөлжилтийг бууруулахад чиглэгдсэн бөгөөд орчин үед генетик-селекцийн аргаар гаргаж авсан хурдан ургалттай ганд тэсвэртэй, аж ахуйн ач холбогдол өндөртэй мод, сөөг ургамлуудыг түлхүү ашиглах болсон байна.

Механик арга-д Нүүдэг элсийг янз бүрийн материал ашиглан (мод, төмөр, хуванцар, будааны иш г.м) хийсэн янз бүрийн хэлбэр, хийц бүхий хаалтуудыг хэрэглэн тогтворжуулахад чиглэгдэнэ. Энэхүү арга нь тодорхой хугацаанд нүүдэг элсийг тогтворжуулдаг сайн талтай ч урт хугацаанд нүүдэг элсийг тогтворжуулахад тохиромжгүйг эрдэмтэд дурьдсаны зэрэгцээ биологийн арга хослуулан хэрэглэх нь илүү тохиромжтой хэмээн үзсэн байна (Озолин Г.Л и др., 1985).

Ганга нуур

 

Манай орны хуурай гандуу бүс нутгийн экологийн тэнцвэрт харьцааг бүрдүүлдэг ургамлан нөмрөгийн бүрэлдэхүүнд багтдаг заг, хайлас, жигд, тоорой, улиангар, сухай, бургас, буйлс, харгана, нохойн хошуу, монос, арц, хармаг зэрэг мод, сөөгний нөөц, зүйлийн бүрдэл, бүлгэмдэл, тархацыг Монгол орны ургамлын аймаг, ургамалжилтын судалгааны хүрээнд л түлхүү судлаж иржээ. Харин эдгээр мод, сөөгийн нөөцийг нэмэгдүүлэх, тарималжуулах, цөлжилтийг бууруулахад ашиглах онолын үндэслэлийг боловсруулах эрдэм шинжилгээний сорилт-туршилтын ажил 1960-аад оноос эхэлжээ.       Дорнод аймгийн Халх гол суманд Дорнод талын Хөдөө аж ахуйн эрдэм шинжилгээний туршилтын станцын эрдэм шинжилгээний ажилтан Н.Дорж 1960-аад оны эхээр улиасыг мөчрийн тайраадсаар үржүүлэх судалгаа явуулж, түүгээр ургуулсан суулгацаар тариалангийн талбай хамгаалах ойн зурвас тарьж ургуулж байв. Мөн академич, профессор Ц.Даваажамц (1965) Өмнөговь аймгийн Булган суманд хайласны үрийг тарьж үржүүлэх аргыг судлаж, суулгацыг нь хүнсний ногооны талбайг хамгаалах ойн зурвасанд болон тус сумын төвд шилжүүлэн суулгасан одоо 40-өөд настай модод ургаж байна.

Манай орны говь, цөлийн бүсэд ой үүсгэгч мод бол зайсангийн заг юм. Заган ой нь ургамал амьтны аймгийн өвөрмөц хоршлыг бүрдүүлж тэжээлийн асар арвин нөөц болохын зэрэгцээ хөнгөн сийрэг бүтэцтэй элсэрхэг хөрсийг бэхжүүлж, элсний нүүлтийг тогтворжуулан хөрс, бэлчээрийг салхины элэгдлээс хамгаалахад онцгой ач холбогдолтой учраас бусад төрлийн мод, сөөгнөөс харьцангуй илүү судлагдсан байна.

Монгол орны заган ойн судалгааны түүхэнд говь, цөлийн ургамал нөмрөгийг 40-өөд жил судалсан манай ахмад эрдэмтэн, нэрт геоботаникч доктор Ж.Галын судалгаа, шинжилгээний ажил томоохон байр суурь эзэлдэг юм. Тэрээр цөлийн хээрийн бүсэд заган ойг үрээр тарьж ургуулах агробиологийн үндэслэлийг боловсруулах судалгааг 1966-1969 онд Говь-Алтай аймгийн Халиун суманд гүйцэтгэсэн байна. Энэхүү судалгааны явцад загийн үрийн тариалалтын чанар, үр түүх хугацааг тогтоох цөлийн хээрийн бүсэд ойжуулалтын зориулалтаар загийн үрийг тарих агротехникийн үндсэн аргуудыг боловсруулсан юм.

Д.Сайнбаяр (1978) Өмнөговь аймгийн Гурвантэс суманд нутгийн Давсны ордыг нүүдэг манхан элсээс хамгаалахад түүний гадаргууд механик хамгаалалт хийж, загийн үрийг цацаж тарих туршлагыг богино хугацаанд гүйцэтгэсэн юм. Энэ нь манай оронд механик-биологийн аргыг хослуулан хэрэглэсэн анхны туршилт судалгааны ажил байв.

Түүнчлэн цөлийн хээрийн бүсийн мод үржүүлгийн газарт бортогонд загийн үрийг тарих агротехникийг боловсруулах судалгааг 1989-1992 онд Дундговь аймагт гүйцэтгэсэн юм (Жалбаа Х., 1993). Бортогонд ургуулсан тарьцыг ойжуулах боломжтой болсон юм.

Орог нуур

 

Ой, агнуурын үйлдвэрлэл шинжилгээний хүрээлэн (хуучин нэрээр) Узбек улсын Ойн аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнтэй хамтарч “Монгол орны элсэрхэг нутгийг ойжуулах боломж” сэдэвт туршилт-судалгааны ажлыг 1976-1980 онд гүйцэтгэх дашрамдаа Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Дунд голын Давст нууранд байгуулсан механик-биологийн хосломол аргад зэрэгцсэн байдлаар салхин дээд талд салхины хамгаалалтын ойн зурвасыг хайлас, жигдний суулгацаар байгуулсан бөгөөд одоо хүртэл ургаж байгаа юм (Хауленбек А., 2007).

Байгаль орчны яамны Ой ан судлалын хүрээлэн, Говийн их дархан цаазат газраас 1988-1996 онд тоорой, жигд, сухайг тарималжуулах, үржүүлэх, нөөцийг нь нэмэгдүүлэхтэй холбогдсон суурин судалгааг (Базарсад Ч., 1989; Базарсад Ч., Хауланбек А., Чулуун Ч., 1990; Базарсад Ч., Хауленбек А., 2003) гүйцэтгэжээ.

Алтайн Өвөр говийн байгаль цаг уурын нөхцөлд тооройг үр, үндэсний хэсгээр ургуулах судалгааг 1989 оноос Ч.Базарсад, А.Хауланбек нар эхэлж гол гол агротехникийг боловсруулжээ. Алтайн өвөр говьд төв суурин газрыг элсний нүүлтээс хамгаалах анхны туршилт-судалгааны ажлыг 1992 оны үед эхлүүлжээ (Базарсад Ч., Хауланбек А., Авирмэд А., 2003).

Цөлөрхөг хээрийн бүсийн нөхцөлд төв суурин газрыг элсжилтээс хамгаалах судалгааг ШУА-ийн Геоэкологийн хүрээлэн 1998 оноос Дорноговь аймгийн Замын-Үүд суманд явуулж, туршилт-судалгааны хүрээнд хайлас, жигд, сухайн суулгацаар тус суурингийн салхин дээд талаар 2 км урт, 200 м өргөн ногоон бүс байгуулсан байна (Жалбаа Х., 2000; Хауленбек А., Мандах Н., 2003).

Ийнхүү тус орны хуурай, гандуу бүс нутгийн экологийн тэнцвэрийг хангахад онцгой чухал үүрэгтэй голлох төрлийн мод, сөөгийг тарималжуулах, үржүүлэх, нөхөн сэргээх талаар сүүлийн 40-өөд жилд эрдэм шинжилгээний байгууллага, судлаачдын явуулсан судалгааны үр дүн үйлдвэрлэлд нэвтэрсэний улмаас1980-аад оны эцэс гэхэд говь, хээрийн бүсийн олон газарт мод үржүүлгийн газар байгуулагдаж тарьц, суулгац ургуулах суурь тавигдсан юм. Энэхүү мод үржүүлгийн газарт ургуулсан тарьц,суулгацаар хуурай гандуу бүс нутгийн булаг шанд, гол горхины хөндийг ойжуулах ажлууд хийгдэж эхэлсэн түүхтэй.

Харин 2000 оны эхээр төв суурин газрыг элсний нүүлт хөдөлгөөнөөс хамгаалах ногоон бүсүүд Өмнөговь аймаг, Булган сум зэрэг газруудаас эхлэж одоогоор ногоон хэрэм хөтөлбөрийн хүрээнд булаг шанд, голын эргийг ойжуулах үйл ажиллагаа улам идэвхижсэн байна (Хауленбек А., 2007).

Улаан нуур