Шийдэл

1994 онд батлагдсан Нэгдсэн Үндэстний Байгууллагын Цөлжилттэй Тэмцэх Конвенци нь байгаль орчин ба хөгжлийн асуудлыг газрын тогтвортой менежментэд уялдуулах олон улсын эрхзүйн баримт бичиг юм. Энэхүү хэлэлцээрийн гол зорилго нь “ядуурлыг бууруулах, байгаль орчны тэнцвэрийг хадгалах зорилгоор эмзэг бүс нутагт гангийн нөлөөг багасгаж цөлжилт, газрын доройтлыг бууруулах, нөхөн сэргээх даян дэлхийн хамтын ажиллагааг бий болгох”-од оршино (UNCCD, 2008).

2012 онд НҮБ-ын ЦТК-иос Рио+20 бага хурлын хүрээнд газрын доройтлыг тэглэх зорилтын үзэл санааг танилцуулсан. Энэ санал, санаачлагыг олон улсын хамтын нийгэмлэг хүлээн зөвшөөрч Рио+20 хурлын үр дүнгийн баримт бичиг болох “Бидний хүсч буй ирээдүй” тайланд тусгасан байна.

2015 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаар Газрын доройтлыг тэглэх зорилтыг Тогтвортой Хөгжлийн Зорилтуудын нэг мөн хэмээн баталсан.

Тогтвортой хөгжлийн зорилт 15-д “ойн нөөцийн тогтвортой ашиглалтыг сайжруулах, цөлжилттэй тэмцэх, газрын доройтлыг тэглэх ба нөхөн сэргээж, биологийн төрөл зүйлийн хомсдлыг зогсоож эх газрын экосистемийг хамгаалах, нөхөн сэргээх” гэж заажээ. Энэхүү зорилтын хүрээнд газрын доройтолд чиглэсэн 15.3 зорилтыг “Цөлжилттэй тэмцэх, газрын доройтлыг бууруулах, ялангуяа цөлжилт, ган, үер усаар элэгдсэн газрыг нөхөн сэргээх замаар 2030 он гэхэд эх дэлхийн газрын доройтлыг тэглэх” гэж томъеолсон байна (UN General Assembly, 2014).

Өнөөдөр дэлхийн 100 гаруй орон Газрын Доройтлыг Тэглэх даян дэлхийн зорилтыг өөрийн орны нөхцөл байдалд тохируулан үйл ажиллагаа, хөгжлийн хөтөлбөрийн зорилго болгох амлалтыг аван ажиллаж байна. Эдгээр үйл ажиллагаа нь уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах, өлсгөлөнг зогсоох, цэнгэг усны хүртээмж, ногоон ажлын байрыг нэмэгдүүлэх зэрэг олон талын эерэг үр нөлөөг авчирна. НҮБ-ын ЦТК, Даян Дэлхийн Механизм олон арван хоёр талт болон олон талт гэрээ хэлэлцээрийн хүрээнд улс орнуудад ГДТ өөрийн зорилтыг тодорхойлох үйл явцад нь дэмжлэг үзүүлж байна.

Нэгдүгээрт, ГДТ зорилтыг үндэсний бодлого, арга хэмжээ, амлалт, шийдвэрийн (уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах, ХАА-н бодлого, нөхөн сэргээх амлалт) уялдаа холбоог тодорхойлох гол хөшүүрэг болгон ашиглаж болно.

Хоёрдугаарт, олон жижиг, энд тэнд туршсан туршилт судалгаанаас том талбайг хамарсан, шинэчлэлийг авчрах, зоригтой шийдэл бүхий ГДТ хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлд шилжих.

Гуравдугаарт, газрын доройтлыг тэглэх бодлогыг хэрэгжүүлэхэд санхүүгийн холимог багцыг бий болгох, ингэхдээ төсвийн, хувийн, үндэсний, олон улсын уур амьсгалын болон хөгжлийн санхүүгийн эх үүсвэрүүдийг зохистой хослуулах.