Үйл ажиллагаа

Газрын доройтол, цөлжилтийг бууруулах олон улсын хэд хэдэн үүсгэл санаачлага сүүлийн жилүүдэд хэрэгжсэн байдаг. Тухайлбал, Бонны Сорилт, Нью Йоркийн Ойн Хэлэлцээр зэрэг нь цөлжсөн болон доройтсон ойг нөхөн сэргээх, Айчигийн Биологийн төрөл зүйлийн Зорилтууд доройтсон экосистемүүдийг нөхөн сэргээх, хамгаалахыг уриалсан байдаг. Эдгээр нь цөм газрын доройтлыг тэглэх зорилтод хувь нэмэр оруулж экосистемийн үйлчилгээг тогтвортой өсгөх, эрүүл, бүтээмжит газрын нөөц, баялгийг хадгалахад чухал үүрэгтэй оролцож байна.

Газрын доройтлыг хэрхэн тэглэх вэ?

Хөдөө аж ахуйн ойжуулалт, хамгааллын газар тариалан зэрэг газрын тогтвортой менежментийн аргуудыг нэвтрүүлснээр ургацыг нэмэгдүүлж, ландшафтын тэсвэрлэх чадавхийг сайжруулж, доройтлоос урьдчилан сэргийлж болно.

Газрын тогтвортой менежмент ба экосистемийг нөхөн сэргээх үйл ажиллагаа нь газар, ус, ойн нөөцийг нэгдмэл аргаар удирдан зохицуулах замаар ландшафтын арга барилыг бүрдүүлдэг. Энэ нь хүнсний аюулгүй байдал, экосистемийн үйлчилгээний тогтвортой урсгал, ногоон өсөлт зэргийг хангана.

Газрын төлөв байдал нь орон нутаг дахь иргэдийн өдөр тутмын үйл ажиллагаагаар тодорхойлогдоно. Иймээс олон нийтийг оролцуулах, орон нутгийн үүсгэл санаачлагыг дэмжих зэрэг нь газрын доройтлыг тэглэхэд чухал нөлөө үзүүлнэ.

ЗОРИЛТ БА САНААЧИЛГУУД

Газрын доройтлыг тэглэх зорилттой ижил төсөөтэй зорилго агуулсан санал, санаачлагууд нь энэхүү зорилтыг тэлэхэд чухал үүрэг гүйцэтгэх нь дамжиггүй. Тухайлбал, 2014 онд батлагдсан Ойн тухай Нью Йоркийн Деклараци нь 2030 он гэхэд 350 сая га талбайг нөхөн сэргээх зорилтыг дэвшүүлсэн, харин Бонны сорилт хөтөлбөр нь 2020 он гэхэд 150 сая га доройтсон газар ба огтлогдсон ойг нөхөн сэргээнэ гэсэн зорилтыг тавиад байна.

Бонны санаачлага Африк, Хойд, Төв болон Өмнөд Америкийн нийт 11 улсаас 60 сая га талбайг нөхөн сэргээх амлалтыг одоогоор аваад байгаа бөгөөд энэ нь дэвшүүлсэн зорилтын 39 %-тай тэнцэх юм. Хамтын хүчээр эдгээр улс амлалтаа биелүүлснээр 4.73 гигатонн нүүрстөрөгчийн давхар ислийг шингээх ба үүний эдийн засгийн үр ашиг 15.826 тэрбум доллартай тэнцэх аж.

Бүс нутгийн хэмжээнд хэрэгжүүлж буй зорилтуудын нэг жишээ нь 20х20 Санаачлага юм. Үүгээр Латин Америк болон Карибын тэнгисийн улс орнууд 2020 он гэхэд доройтсон гэж тооцогдох талбайн 20 сая га талбайг нөхөн сэргээх зорилтыг тавиад байна.

Газрын доройтлыг тэглэх бодлого нь томоохон бизнесүүдийн тогтвортой байдлын бодлогод ч хэдийн тусгалаа олоод байгаа билээ. Тухайлбал, Рио Тинто “цэвэр эерэг нөлөө” зорилтыг (Rio Tinto, 2013) биологийн төрөл зүйлийг хамгаалах чиглэлд нэвтрүүлсэн, Сингента корпораци хөдөө аж ахуйн эдэлбэр газрын 10 сая га талбайн үржил шимийг сайжруулах бодлого хэрэгжүүлж байна. Харин Юниливер компани нь мод огтлолыг зогсоохыг өөрийн тогтвортой бизнесийн бодлогод суулгаж өгчээ. Рио Тинтогийн хэрэгжүүлж буй “цэвэр эерэг нөлөө” зэрэг зорилтууд нь бусад олборлох үйлдвэрлэл эрхэлдэггүй аж ахуйн нэгжүүдэд хэрхэн нөлөөлөхийг тодорхойлсноор газрын доройтлыг тэглэх бодлого хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа, нийлүүлэлтийн хэлхээнд ямар эерэг нөлөө авч ирэхийг тооцоолж болох талтай.

Одоогоор цэвэр эерэг нөлөө гэдгийг тодорхойлсон олон улсын тодорхойлолт байхгүй байгаа хэдий ч Олон Улсын Байгаль Хамгааллын Холбоо (IUCN)-ноос энэ бодлого нь хөдөө аж ахуй, ойн аж ахуй зэрэг бусад салбарт хэрхэн хэрэгжиж болох талаархи судалгааны тайлан гаргасан нь хоёр өөр арга барилын ижил төсөөтэй болон ялгаатай талуудыг илрүүлэхэд чухал дэмжлэг үзүүлнэ (IUCN, 2015). Цэвэр эерэг нөлөө ба газрын доройтлыг тэглэх бодлого хоорондын гол ялгааг бодитоор үнэлснээр нөхөн төлбөрийн тогтолцоо гол зорилтыг гүйцэлдүүлэхэд ямар эерэг өөрчлөлтийг авч ирэхийг тооцох боломжийг олгоно.

НҮБ-ын ЦТК-ийн одоогийн баримталж буй бодлогод “Газрын доройтлыг тэглэх зорилт нь зах зээлд суурилсан дүйцүүлэн хамгаалах буюу нөхөн төлбөрийн системийг дэмжихгүй байгаа юм. Учир нь энэ арга барил нь асуудлын цогцолбор шинжийг харгалзаагүй, олон асуудал дагуулсан, ерөнхийдөө үр ашиг муутай бодлого гэж тооцдог” хэмээн үзэж байна (UNCCD).

Хөдөө аж ахуй, газар тариалан зэрэг газартай шууд холбоотой үйл ажиллагаа явуулах бизнесийн салбарын хувьд Газрын доройтлыг тэглэх зорилт нь мод огтлолыг зогсоох бодлоготой хоршин хэрэгжиж болно (htpp://theforestdialogue.org). Энэ хоёр бодлогын төсөөт байдал болон ялгааг судлан тодорхойлох нь газрын доройтлыг тэглэх зорилтыг хэрэгжүүлэхэд чухал үүрэгтэй. Үүнээс гадна аж ахуйн нэгжүүд мод огтлолыг зогсоох бодлогын хэрэгжилтийг хэрхэн хэмжих, түүнд яаж мониторинг хийх асуудлыг судлан тогтоох шаардлага ч бий.

ЦЭВЭР ЭЕРЭГ НӨЛӨӨ (NPI)

Цэвэр эерэг нөлөө нь нөхөн төлбөрийн тогтолцоогоор дамжуулан биологийн төрөл зүйлд учирч буй сөрөг нөлөөллийг тооцож төсөл, хөтөлбөр хэрэгжиж байгаа бүс нутагт эерэг өсөлтийг бий болгохыг зорино. Биологийн төрөл зүйлд гарах эерэг өөрчлөлтийг төсөл, хөтөлбөр хэрэгжихээс өмнө тооцогдсон биологийн төрөл зүйлийн суурь мэдээлэлд түшиглэн үнэлнэ.

Байгаль хамгааллын өнцөгөөс цэвэр эерэг нөлөөллийг бий болгосноор дараах үр дүнд хүрнэ гэж тооцдог. Үүнд:

  • төрөл зүйл, ургамлын бүлгэмдлийн дотоод болон гадаад олон янз байдал нэмэгдэнэ;
  • төрөл зүйл, ургамлын бүлгэмдлийн урт хугацааны амьдрах чадвар сайжирна;
  • Зүйлийн бүлгэмдэл болон экосистем дэх экологийн болон хувьсал өөрчлөлтийн үйл явц тогтворжино.

Эх үүсвэр: IUCN, 2015

МОД ОГТЛОЛЫГ ЗОГСООХ

Компани, аж ахуй нэгж мод огтлолыг зогсоохын тулд өөрийн нийлүүлэлтийн хэлхээнд мод огтлолын үйл ажиллагаанаас бий болсон түүхий эдийг хэрэглэхийг бууруулах юм.

Хамтын хүчээр мод огтлолыг зогсоох үйл ажиллагаа нь тодорхой үе шаттай хэрэгжих бөгөөд компани аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны төрлөөс хамаарна. Энэ зорилтын хүрээнд компаниуд гол төлөв баталгаажуулалтын схемийг нэвтрүүлсэн байх бөгөөд нийлүүлэгч мод огтлохгүйгээр түүхий эд үйлдвэрлэсэн эсэхийг хянах хяналтын тогтолцоог бүрдүүлж өгдөг.

Эх үүсвэр: Carbon Disclosure Project, 2014