Асуудал

Цөлжилт, газрын доройтол нийт 100 гаруй улс орны нутаг дэвсгэрт илрэлээ олж 1 тэрбум хүний амьдрал ахуйд нөлөөлж байна. Жил бүр 12 сая га хөдөө аж ахуйн газар ганд нэрвэгдэн доройтож байна. Дэлхийн хэмжээнд ажиглагдаж буй газрын доройтол, цөлжилтийн үйл явц нь уур амьсгалын өөрчлөлт, хүн амын өсөлт, байгалийн нөөцийн өсөн нэмэгдэж буй хэрэгцээ зэрэгтэй уялдан улам бүр нэмэгдэх хандлагатай байгаа тул нэн даруй, ихээхэн хүчин чармайлтаар түүнийг зогсоох шаардлага урган гарч байна. Цөлжилт, газрын доройтол дэлхийн эдийн засагт жилд 490 тэрбум долларын хохирол учруулж байна.

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Цөлжилттэй Тэмцэх Конвенци (НҮБ ЦТК)-оос гаргасан дүн мэдээгээр дэлхийн хэмжээнд бүтээмжит талбайн 25% нь аль хэдийнээ доройтсон бөгөөд үүнээс үүдэх эдийн засгийн алдагдал нь жилд 40 тэрбум ам доллартай тэнцэж байна. Ихэнхи бүс нутгуудад хөрсний чанартай холбоотой асуудлууд нийт тариаланд ашиглагдаж буй газрын 50 хувьд нь илэрч байгаа бөгөөд эдгээр нь Африкийн Сахар орчмын бүс, Өмнөд Америк, Зүүн өмнөд Ази, Хойд Европт илүүтэй явагдана (FAO, 2011).

Монгол орны хувьд газрын доройтолд өртөөд байгаа газрын хэмжээ 2015 оны байдлаар 76.9 хувьтай тэнцэж байгаа бөгөөд үүнээс бүтээмжит буюу хөдөө аж ахуй болон үйлдвэрлэлд ашиглагдахуйц талбай 70 орчим хувь байна (Мандах нар, 2016).

Жил бүр хүний шууд нөлөөн дор 12 сая га газар буюу Их Британийн нийт нутаг дэвсгэрийн тэн хагастай тэнцэх газар нутаг шинээр доройтож байна (UNCCD, 2013). Газрын доройтлын хамгийн түгээмэл хэлбэр нь ус, салхины элэгдэл, эвдрэл, тэдгээрээс улбаалах хөрсний хими болон физик доройтол болно (ELD Initiative, 2013a).

Газрын доройтол нь хүнсний аюулгүй байдал алдагдах, нүүрстөрөгчийн ялгаруулалт нэмэгдэх, биологийн төрөл зүйл хомсдох, хортон шавжийн олшрол өсөх, цэнгэг усны нөөц, хангамж буурах, уур амьсгалын өөрчлөлтөнд эмзэг байдал нэмэгдэх зэрэг нийгэм болон эдийн засагт шууд нөлөө их үзүүлнэ (ELD Initiative, 2013b).

Гэтэл газрын тогтвортой менежментийг нэвтрүүлэх замаар газрын доройтлыг бууруулснаар 1.4 их наяд доллартай тэнцэхүйц ашгийг бий болгож болно.