Дэлхийн зөгийн өдөр тохиож байна

Дэлхийн зөгийн өдөр тохиож байна

Яагаад зөгий гэж? Зөгийн, эрвээхэй болон бусад тоос хүртээгч амьтад нь бидний амьдралд шууд нөлөөлдөг. Өдөр тутам иддэг хоол хүнс эдгээр амьдаас хамааралтай. Учир нь тоос хүртээгч амьтад нь жимс, жимсгэнэ, үр тариа, хүнсний ногооны олон янз байдлыг хангаж байдаг. Тэдэнгүй бол бид кофе, шоколад гээд ер нь юм юмгүй байж мэдэх юм. Учир нь цэцэглэгч ургамлууд тоос хүртээгч амьтдын тусламжтайгаар үр тогтдог. Иймд тэдэнгүй экосистемд явагдах нэг чухал үйл явц болох үржил, хөгжил зогсох юм.

Дэлхий дээр 25000-30000 зүйл зөгий байх бөгөөд тэдгээрийн ихэнх ялаа, цох, эрвээхий зэрэгтэй адил идэвхтэй тоос хүртээгчид юм. Эдгээр шавьжаас гадна тоос хүртээгч сүүн тэжээлтнүүд бий. Тэдгээрт сарьсан багваахай, сармагчин, мэрэгчид, болон зарим зүйл шувууд мөн багтана.

Тоос хүртээлтийн өнөөгийн судалгаа шинжилгээний дүнгээс үзэхэд ургамал болон тоос хүртээгчид хооронд тогтсон онцгой харилцаа үүсэх бөгөөд тоос хүртээлтийн үйл явц тос хүртээгч амьтдын олон янз байдал болон тоо толгойгоос ихээхэн хамаарна.

Биологийн Олон Янз Байдал ба Экосистемийн Үйлчилгээний Засгийн Газар Хоорондын Хороо (IPBES)-оос 2016 онд гаргасан судалгаагаар дэлхийн хэмжээнд цэцэглэгч ургамлын 90 хувь нь амьтдаар дамжин тоос хүртэх бөгөөд тоос хүртээгчид эдгээр ургамлын хамгаалалд чухал үүрэгтэй гэж мэдээлсэн. Нөгөө талаар үр тариа бол эдийн засгийн чухал хэрэгсэл бөгөөд судалгаагаар дэлхийн үр тариа үйлдвэрлэлийн дөрөвний гурав нь тоос хүртээгчдийн үйл ажиллагаанаас хамааралтай байдаг, өөрөөр хэлбэл дэлхийн үр тариа үйлдвэрлэлийн 35 % нь дээрх бүлэг амьтдын үйл ажиллагааны үр шим ажээ.

Эх үүсвэр: www.ipbes.net

Дэлхийн хэмжээнд тоос хүртээгч амьдын тоо толгой цөөрсөөр байгаа бөгөөд энэ нь дараах учир шалтгаантай холбоотой. Үүнд:

  • Пестицидийн хэрэглээ нэмэгдсэн;
  • Генетик сайжруулсан үр тариа, ургамал тариалалт нэмэгдсэн;
  • Дэлхийн дулаарал;
  • Халдварт өвчлөл.

Иймээс НҮБ тоос хүртээгчдийг хамгаалах, энэ асуудалд шийдвэр гаргагчид болон олон нийтийн анхаарлыг хандуулах зорилгоор Дэлхийн Зөгийн өдрийг бий болгосон байна. 

Тоос хүртээгчдийн талаарх мэдээлэл хомс улс оронд Монгол багтах бөгөөд энэ талаар судалгааны ажил огт хийгдэхгүй байгаа ажээ. Харин эдгээр амьтдын Монголын байгаль хамгаалал төдийгүй ХАА-н салбар дахь хэрэгцээг үнэлж барахгүйг дээрх баримтууд нотлоод байна.

Цаашид хэрхэх вэ? Зохицуулалттай тоос хүртээгчдийн үйлдвэрлэлийг бүрдүүлэх. Зөгийн аж ахуйд хөгжүүлэх, хөдөө аж ахуйд хэрэглэгдэх пестицид, гербицидын тунг шат дараатай бууруулах, генетик сайжруулсан үр тариа тариалалтыг хязгаарлах зэрэг цэвэр ХАА-н бодлого, арга хэмжээг зохистой төлөвлөх шаардлагатай байна. Түүнчлэн тоос хүртээгч амьтдын зүйлийн бүрдлийг бүртгэх, тоо хэмжээ, тархах бүс нутаг, үржүүлэх боломж зэрэг эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг нэмэгдүүлэх шаардлага байгаа юм.