Газрын зүй бус ашиглалт улс орнуудын ДНБ-ний 9 хувьтай тэнцэх алдагдал авчирч байна

Газрын зүй бус ашиглалт улс орнуудын ДНБ-ний 9 хувьтай тэнцэх алдагдал  авчирч байна

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенциос гаргасан сүүлийн үнэлгээнээс 2050 он гэхэд дэлхийн эдийн засаг 23 их наяд америк доллартай тэнцэх алдагдал зөвхөн газрын доройтлын улмаас хүлээх болно гэж сануулж байна. Харин энэ түгшүүрт тоог бууруулах, газрын доройтлыг өнөөдрөөс эхлэн бууруулах арга хэмжээ авахад 4.6 их наяд доллартой тэнцэх бөгөөд энэ нь ирээдүйд хүлээх алдагдалтай харьцуулахад багахан хэсэг юм.

Нийт 21 улсын хэмжээнд хийгдсэн цогц үнэлгээгээр газрын доройтлоос хүлээх эдийн засгийн алдагдал дундажаар ДНБ-ийн 9 хувьтай тэнцэж байна. Энэ тоо газрын доройтол, цөлжилтийн асуудал хүндэрсэн бүс нутгийн хувьд илүү өндөр байх нь мэдээж. Тухайлбал, Төв Африкийн Бүгд Найрамдах Улс зэрэг орнуудад газрын доройтлос үүдэх хохирох ДНБ-ний 40 хувьд хүрнэ. Африк болон Ази тив хамгийн өндөр хохирол амсч буй тивүүд бөгөөд жилд тус бүр 65-84 тэрбум ам.долларын хохирол эдийн засагт учирсан гэх тооцоо ч бий.

“Эрүүл газар нь дэлхийн хүн амын бүхий л хэрэгцээг хангах амьжиргааны чухал баялаг. Газраа хүнс, тэжээл, ажлын байр, боломжит орлогыг бүрдүүлэх боломжтой. Өнөөдөр, бид хэзээ ч байгаагүй тэгш бус нөхцөлд хүрсэн. Дэлхийн хүн амын 1,5 тэрбум хүн, тэдгээрийн ихэнхи нь ядуу ядуувтар хөгжиж буй улс орны иргэд хэдийн доройтолд орсон газар нутагт хөдөө аж ахуйг хөгжүүлэхийн хичээн ажиллаж байна. Энэ бодит байдал нь ядуурлыг улам бүр хурцатгаж байгаа бөгөөд Сахель, Өмнөд Азийн улс орнуудад ядуурлын зэрэгцээ цаг агаарыг гамшигт үзэгдлүүд нэмэгдэх, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөнд илүү өртөмтгий болсон байна” гэж НҮБ-ын ЦТК-ийн Даян Дэлхийн Механизмын Гүйцэтгэх захирал Хуан Карлос Мендоза Газрын доройтлыг тэглэх улс орнуудын суурь нөхцөл тайланг танилцуулах явцдаа цохон тэмдэглэв.

Эхний 21 улсын хэмжээнд хийгдсэн судалгааг цаашид гишүүн бүх улсуудын хэмжээнд хийхээр зэхэж байгаа бөгөөд энэхүү газрын доройтлыг тэглэх улсын суурь нөхцөл тайлан нь газар ашиглалт, газрын менежментийг төгөлдөржүүлэхэд бодлого тодорхойлогчдын анхаарлыг хандуулахад чиглэжээ. Эдгээр тайлангийн мэдээллийг Германы Бонны Их Сургуулийн Хөгжлийн Судалгааны Төв, Газрын Доройтлын Эдийн Засаг Санаачлага, Олон Улсын Хүнсний Бодлогын Судалгааны Хүрээлэн хамтран боловсруулсан байна.

“Энэ бол шинжлэх ухааны мэдлэгийг шийдвэр гаргагчидад түгээх, улмаар зөв шийдлийг хэлэлцэх гол хэрэгсэл болно” гэдэгт итгэж буйгаа ноён Хуан Карлос Мендоза мөн мэдэгдлээ.

Эх үүсвэр: unccd.int