ОХУ Никита Глазовскийн нэрэмжит Цөлжилт, Гантай Тэмцэх Шинжлэх Ухаан, Технологийн Төвтэй болжээ

ОХУ Никита Глазовскийн нэрэмжит Цөлжилт, Гантай Тэмцэх Шинжлэх Ухаан, Технологийн Төвтэй болжээ

Дэлхийн өнцөг булан бүрээс 600 гаруй эрдэмтэд газрын асуудал, уур амьсгалын дулаарал, хотын өөрчлөлт, "Нэг бүс, нэг зам" санаачилга зэрэг сэдвүүдийг хамтран хэлэлцэхээр ОХУ-ын Шинжлэх Ухааны Академийн Газарзүйн Хүрээлэнгийн зуун жилийн ойн баярт зориулагдсан хурал дээр цугларчээ.

Хувьсан өөрчлөгдөж буй байгаль орчны нөхцөлд газарт түшиглэн шийдвэр гаргах тухай хэсэгт газрын доройтлыг тэглэх зорилт (ГДТ), Төв ба Зүүн Европд дахь түүний хэрэгжилтийг голлон анхаарав. Мөн түүнчлэн хурлаар газрын бүрхэвчийн сүүлийн үеийн дүн мэдээ, газрын доройтлын улмаас орхигдсон 60 сая га газрын органик нүүрстөрөгчийн өөрчлөлтийн судалгаа, ган болон дүрвэгсдийн асуудлын уялдаа холбоо зэрэг олон талын асуудлыг хэлэлцсэн нь энэ хурлын ач холбогдлыг тодорхойлж буй хэрэг болов уу.

Хурлын үер болсон гол онцлох үйл явдал нь манай үеийн хамгийн нөлөө бүхий байгаль судлаачийн нэг доктор, профессор Никита Глазовский агсаны нэрэмжит Цөлжилт, Гантай Тэмцэх Шинжлэх Ухаан, Технологийн Төвийн нээлт байлаа. Энэхүү төвийн гол зорилго нь НҮБ-ын Цөлжилттэй Тэмцэх Конвенцийн хэрэгжилтийг ОХУ-д хангахад шаардлагатай шинжлэх ухаан, технологи, аргазүйн суурийг бэхжүүлж байгаад оршино. Төвийн үйл ажиллагаа зөвхөн ОХУ-аар хязгаарлагдахгүй хөрш зэргэлдээ улс орнууд болон бүсийн хэмжээнд хамтын ажиллагаа өрнүүлэх, судалгаа шинжилгээ, туршилт, үйлдвэрлэлийн цар хүрээг тэлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ гэсэн хүлээлтийг олон улсад үүсгэлээ.

Энэхүү хурлаас гарах үр дүн НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцийн үйл ажиллагаанд шууд хамааралтай бөгөөд дээрх төвийг нээснээр газрын доройтлыг тэглэх асуудалд чиглэсэн судалгааны ажлууд Зүүн Европ, хуучин ЗХУ-ын газар нутаг болон Хойд Азид эрчимтэй явагдахад дөхөм болно хэмээн ажиглагчид дүгнэж байна.

 

Орчуулсан М.Нямаа

Эх үүсвэр: unccd.int